Хүндэт харилцагчид, хувьцаа эзэмшигчид, хамтран ажиллагч байгууллага, аж ахуйн нэгж, түншүүд та бүхэндээ ТрансБанкны 2018 оны ажлын үр дүн, гүйцэтгэл, амжилт, ололтуудаа хуваалцах гэж байгаадаа баяртай байна.

   2018 онд манай банкны нийт активын хэмжээ 2017 оны жилийн эцэстэй харьцуулвал 149%-иар өсөж 500 орчим тэрбум төгрөг, татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хэмжээ 169%-иар өсөж 424 тэрбум төгрөг, хувь нийлүүлсэн хөрөнгө 56%-иар өсөж 78 тэрбум төгрөг болж өслөө. ТрансБанк нь 2018 онд Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулан ажилласан ба зарим тоо баримтыг дурьдвал 2018 онд 40 гаруй шинэ ажлын байрыг бий болгож нийгмийн даатгалд 265.9 сая төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварт 1.4 тэрбум гаруй төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн жижиг, дунд, том бизнес эрхлэгчдээ дэмжиж жигнэсэн дунджаар жилийн 14.4%-ийн хүүтэйгээр нийт өссөн дүнгээрээ 534.5 тэрбум төгрөгийн зээлийг олгож тэр хэрээр бодит эдийн засагт хувь нэмэр оруулан ажиллалаа. Банкны салбарт бид өрсөлдөх чадвараа улам бүр сайжруулан, нэр хүнд, үнэ цэнээ нэмэгдүүлсээр байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт банкууд дундаа бид олон үзүүлэлтээрээ 2018 онд өрсөлдөхүйц байр суурьтай байгаа ба эдгээр үзүүлэлтүүдийг дурьдвал:

  • Нийт хөрөнгийн өсөлтийн хувиараа салбартаа 2 дугаарт;
  • Нийт эх үүсвэрийн өсөлтийн хувиараа салбартаа 3 дугаарт;
  • Эздийн өмчийн өсөлтийн хувиараа салбартаа 3 дугаарт;
  • Цэвэр хүүгийн орлогын өсөлтийн хувиараа салбартаа 1 дүгээрт;
  • Зээлийн чанарын үзүүлэлтээрээ салбартаа 1 дүгээрт;
  • Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцааны хувиараа салбартаа 4 дүгээр байранд орсон амжилтыг үзүүлсэн жил байлаа.

2018 оны турш хүүгийн орлого, цэвэр хүүгийн орлого, татварын өмнөх ашиг гэсэн үзүүлэлтүүдээр тогтмол өсөлттэй байж, татварын дараах ашиг 2 дахин нэмэгдэж 3.8 тэрбум төгрөгт хүрлээ. Монгол Улсын Засгийн Газрын хөтөлбөрийн хүрээнд PwC болон Монголбанкны хамтарсан AQR буюу Активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн хүрэлцээ ”Хангалттай” гэсэн үнэлгээг авснаас гадна, Дэлхийн ТОП-4 аудитын компанийн нэг болох KPMG аудитын компаниар хөндлөнгийн аудитыг хийлгэж, хангалттай гэсэн үнэлгээг авлаа. Түүнчлэн Дэлхийн ТОП-3 үнэлгээний компанийн нэг болох Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг ТрансБанкны хэтийн төлөвийг ”Тогтвортой” гэж үнэлсэн нь Монголын банк, санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон банкуудтай ижил түвшинд үнэлэгдсэн юм. 2018 онд бидний хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг бол ”Санхүү тайлагналын олон улсын стандарт”-ын 9, 15 болон 16 дугаар стандартыг иж бүрнээр нь нэвтрүүлсэн явдал байлаа. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын зөвлөлөөс баталсан ”Санхүүгийн хэрэгслийг ангилах, хэмжих, түүний үнэ цэнийн бууралтыг тооцох” тухай Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг 2018 оноос эхлэн дэлхий нийтээр даган мөрдөх болсонтой холбогдуулан Олон улсын 4 том аудитын байгууллагын нэг болох PWC компанитай ”Санхүү тайлагналын олон улсын стандарт 9, 15 болон 16 дугаар стандартыг нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээ авах гэрээ байгуулан, улмаар зөвлөх компанийн тайланг хүлээн авсанаар эдгээр стандартуудыг багцаар нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнийг бахархалтайгаар дуулгахад таатай байна.

   2019 онд ТрансБанк өсөн нэмэгдэж буй харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам чанаржуулан, өнгөрөгч оныхоо амжилтыг бататган, Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулан ажиллах зорилт тавин, илүү их амжилтын төлөө ажиллах болно. Эцэст нь хэлэхэд бидэнтэй хамтран ажиллаж буй болон хамтран ажиллах харилцагч нартаа энэхүү мэндчилгээ хүрэх өдрийн мэндийг хүргэхийн ялдамд хамтдаа улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмэр оруулан ажиллахыг уриалж байна. ТрансБанкныхаа удирдлагын баг болон нийт ажиллагсдынхаа өмнөөс Та бүгдийн ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэж байгааг хүлээн авна уу.

Хүндэтгэсэн,

М.Отгонбаяр

Гүйцэтгэх захирал