Ноён О.Энхбаяр нь 25 гаруй жил төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудад удирдах ажил эрхэлж байсан ажлын дадлага туршлагатай. О.Энхбаяр нь 1989 онд МУИС-ийг банк, санхүүгийн эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн. Улмаар 1999 онд АНУ-ын Харвардын их сургуулийн магистр зэрэгтэй төгссөн. Англи, орос, чех хэлтэй.

О.Энхбаяр нь Өмч хувьчлалын комиссын гишүүн, Төрийн өмчийн хорооны гишүүн, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх зэрэг төрийн удирдах албан тушаалын ажлуудыг олон жил гүйцэтгэж ирсэн туршлагатай. Мөн банк санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр 12 жил ажиллаж Капитрон банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, дэд захирал, Монголын хөрөнгийн биржийн тэргүүн дэд, гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн. 

Ноён Д.Дашчойнхор нь 2004 онд МУБИС-ийг философич, улс төр судлаач мэргэжлээр бакалавр зэрэг, 2015 онд Удирдлагын академийн магистр зэрэг хамгаалсан.

2012-2014 онд Гадаад харилцааны яаманд үйлчилгээ эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Одоо Архангай цэцэрлэг хөгжил сангийн тэргүүнээр ажиллаж байна.

Хатагтай Д.Түмэнжаргал нь Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад санхүүгийн шинжээч, аудитороор тасралтгүй 35 жил ажилласан туршлагатай ба үүнээс 15 жилд нь Төрийн хяналтын байгууллага буюу Төрийн Аудитын байгууллагад ахлах хянан байцаагч, ахлах аудитороор ажиллаж байсан. 2014 оноос одоог хүртэл Монголиан Бизнес Рейтинг Аудит ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрээр энэ бүх хугацаанд Төрийн өмчит компани, аж ахуйн нэгж, Засгийн газар болон Олон Улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжигдэж буй төсөл хөтөлбөрүүд, түүнчлэн Хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгж, Банк санхүүгийн байгууллага гэх мэт 600 орчим байгууллагуудад хөндлөнгийн аудит хийж байсан ажлын туршлагатай. 

Д.Түмэнжаргалын эзэмшсэн боловсрол мэдлэгийн хувьд тэрээр 1972 онд Улаанбаатар хотын СЭЗТ-д элсэн орж 1974 онд тус сургуулийг Анхны “Д.Сүхбаатарын нэрэмжит цалин”-тай онц дүнтэй төгсөн МУИС-д дэвшин суралцсан. Мөн 1987 онд Ардын Их Хурлын дэргэдэх Улс төрийн дээд сургуульд элсэн орж, 1991 онд “Улс төр судлаач-Эдийн засагч” мэргэжлээр төгсөж, 2001 онд Монгол Улсын Засгийн Газрын харьяа Удирдлагын академийг магистрын зэрэг хамгаалсан. Мөн түүнчлэн тэрээр мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэйгээс гадна албан ёсны эрх бүхий Аудитор, Үнэлгээчин юм. 

Ноён М.Отгонбаяр нь Монгол Бизнес дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэг, Хойд Виржинагийн их сургуулийг санхүүгийн удирдлагаар мастерын зэрэг хамгаалсан. 

Тэрээр банк санхүү, төслийн удирдлага, хувийн хэвшлийн чиглэлээр нийт 18 жил ажилласан туршлагатай. Ажлын гараагаа Дэлхийн банк ба Нордикийн Хөгжлийн Сангийн санхүүжилттэй Тээвэр Хөгжүүлэх Төслийн дэд хэсэг болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах Зөвлөх үйлчилгээний төслийн Монголын талыг хариуцсан менежерээр эхлүүлж байсан. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Хөдөө орон нутгийн нийтийн аж ахуйг сайжруулах төслийн Төслийн удирдагч, Монгол шуудан, Голомт зэрэг банкуудад дэд захирал, газар, хэлтсийн захирлаар ажиллаж байсан. М.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс ТрансБанкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Ноён Д.Ачит-Эрдэнэ нь өөрийн санаачлан хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаагаараа Монголын санхүүгийн салбарт танигдсан билээ. 2005 онд Монголын анхны хөрөнгө оруулалтын MICC буюу Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпорацыг үндэслэн байгуулсан юм. 2003 оноос 2005 онуудад Анод банкны Хөрөнгө Оруулалтын Газрын захирлаар ажиллаж байхдаа Монголд анхны хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг санаачлан эхлүүлсэн юм.

Монголд анх удаа хөрөнгийн зах зээл дээр MCS Электроникс болон Говь ХК зэрэг хувийн компанийн бондуудыг гаргах ажлыг гүйцэтгэсэн. Таван Толгой коксжих нүүрсний ордыг хөгжүүлэх болон Эрдэнэс Таван Толгой компанийг ойрын хугацаанд хувьчлахтай холбоотойгоор компанийг бүтцийн асуудал дээр Монголын засгийн газарт зөвлөгчөөр сонгогдсон. Мөн Австрали болон Канадын хөрөнгийн биржүүд дээр Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресүрс Дэвэлопмент”, “Алтан Рио Минералс” зэрэг хэд хэдэн компанийн IPO-амжилттай гаргаж чадсан.

Одоо МICC компанийн Ерөнхий захирал Ноён Д.Ачит-Эрдэнэ эдийн засгийн голлох салбаруудад ажиллаж буй харилцагчдадаа 1 тэрбум гаруй ам.долларын зээлийн болон хувьцааны санхүүжилтийг олж босгож, дотоодын зах зээлд 230 гаруй ажлын байруудыг шинээр бий болгоход хувь нэмрээ оруулаад байна. Тэрээр АНУ-ын Миддлбери Коллeжийн олон улсын харилцааны бакалавр зэрэг, Колумбын их сургуулийг Олон Улсын Харилцааны мастерын зэрэг хамгаалсан юм.