ТрансБанк “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч” Монгол Улсын шилдэг банкаар шалгарлаа

 

Ази номхон далайн банк санхүүгийн салбарын шилдэгүүдийг тодруулдаг “AsiaMoney” сэтгүүлээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд оруулсан ТрансБанкны хувь нэмрийг үнэлж, цаашлаад нийгмийн хариуцлага, компанийн засаглал, үйл ажиллагааны болон санхүүгийн тогтвортой үзүүлэлт зэргийг үнэлж, “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч” Монгол Улсын шилдэг банкаар өргөмжиллөө.

“AsiaMoney” сэтгүүл нь 30 гаруй жилийн түүхтэй, Ази номхон далайн Олон Улсын банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг шинжлэн тоймолдог мэргэжлийн сэтгүүл бөгөөд Ази номхон далайн банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлж, шилдгүүдийг тодруулдаг мэргэжлийн ОУ-ын байгууллага юм.

ТрансБанк МУ-ын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулагч томоохонд тооцогдох нийт 9 салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж ажилласан ба нийт зээл олголтын 70.5 хувь нь худалдааны салбар, уул уурхайн салбар, тээвэр ложистикийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй харилцагчид болон бичил бизнес, өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд олгогдсон байна. Өнгөрсөн хугацаанд Тээвэр хөгжлийн банк нь гадны төсөл хөтөлбөрийн зээлийн эх үүсвэр байгаагүй боловч, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан өөрийн эх үүсвэрээр ЖДҮ эрхлэгчдийг дэмжин зээл олгон ажилласан юм. ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж 12.1 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр зээл олгож харилцагчдаа дэмжин ажилласан ба энэ нь нийт системийн хэмжээнд олгосон зээлийн ЖДХ-ээс даруй 12-27 хувиар бага байсан юм.

Нийгэм, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг бий болгох зорилтын хүрээнд нийт олгосон зээлийн 31.7 хувь нь компанийн хувьцаа эзэмшигч эсвэл гүйцэтгэх удирдлага нь эмэгтэйчүүд эрхэлж буй бизнесийг дэмжин ажилласан байна.

Цаашид банкны зүгээс хүлэмжийн хийг бууруулах, хөрс, агаар, орчины бохирдлыг бууруулах, дулаан алдалтыг зогсоох, байгаль орчинд ээлтэй технологийг дэмжих чиглэлд түлхүү санхүүжилт олгох, зөвлөгөө мэдээлэлээр хангах бодлого баримтлан ажиллаж байна.