ТрансБанк “Бодь Даатгал” ХХК-ийн IPO-г зах зээлд арилжих хамтрагч Андеррайтераар ажиллаж эхлэлээ

 

ТрансБанк нь Андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд “Бодь даатгал” ХХК-ийн IPO-г /олон нийтэд нээлттэй анхдагч хувьцаа/ зах зээлд арилжих хамтрагч Андеррайтераар ажиллаж эхлэлээ. “Бодь Даатгал” ХХК-ийн IPO нь ард иргэд, хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээл дээр гарч буй санхүүгийн салбарын шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах, өгөөж хүртэх боломжийг олгож хувьцааныхаа 20 хувийг хөрөнгийн зах зээлд санал болгож байгаа юм. Олон нийтэд арилжаалах хувьцааны 60 хувь буюу 35.2 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, 20 хувь буюу 11.7 сая ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд нийтэд санал болгон худалдаж, нийт 5.3-5.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд үүнийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөж байна.

“Бодь даатгал” ХХК-ийн IPO-г гаргахад ТрансБанкнаас гадна IPO-ны Тэргүүлэгч Андеррайтер “БиДиСЕК ҮЦК”ХК, хамтрагч Андеррайтераар “Гаули”ҮЦК ХХК, Хуулийн зөвлөхөөр “Өмгөөллийн ИЭлси” ХХН, Үнэлгээний байгууллагаар “Гэрэгэ Эстимэйт” ХХК, Аудитын байгууллагаар “БДО Аудит” ХХК нь тус тус хамтран ажиллаж байна.

Бодь IPO-ийн анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацаа 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэж 2020 оны 06 сарын 08-ны 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм. “Бодь даатгал” ХХК-ийн IPO-той холбоотой мэдээллийг ТрансБанкны “Шангри-Ла” төв салбар, Хүүхдийн 100-н Наран Их дэлгүүр дэх “Наран” салбар болон ТрансБанкны дуудлагын төвийн 7716-9999 дугаар руу холбогдон авна уу. Шаардлагатай тохиолдолд харилцагч таныг Үнэт цаас хариуцсан мэргэжлийн зөвлөх ажилтантай холбож өгч үйлчилж байна.

Дашрамд дурдахад “Бодь Даатгал” ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, даатгалын салбарын тэргүүлэгч, ууган компаниудын нэг бөгөөд 21 аймаг, 330 суманд 22 салбар, 650 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан хөдөө орон нутгийг бүхэлд нь хамарсан дэд бүтцээр дамжуулан зах зээлд хамгийн олон буюу 70 гаруй даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог.