“Тэрбум Мод” Үндэсний хөдөлгөөн нэгдлээ

Тээвэр хөгжлийн банк “Тэрбум Мод” Үндэсний хөдөлгөөн нэгдлээ.

Тээвэр хөгжлийн банк нь дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцлоо. Монгол Улс даяар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн албан ёсоор энэ оны 10-р сарын 04-нд эхэлж, аймаг, сум, дүүргүүд, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих ажилд идэвхтэйгээр оролцож байна.

Монгол Улс сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд нэлээдгүй өндөр хувиар өртөж байгаа улс орнуудын тоонд багтаж байгаа бөгөөд олон улсын стандартаар нутаг дэвсгэрийн 30 орчим хувь ой мод байвал зохимжтой гэсэн үзүүлэлтэд хүрэхгүй буюу манай улсын газар нутгийн 80 орчим хувь цөлжилттэй байна.

Түүнчлэн “Тэрбум Мод” Үндэсний хөдөлгөөний онцлог нь модыг зохих ёсоор хөрсөнд суулгахаас гадна цаашид олон жилийн туршид зөв арчилж, тордон, бодитой үр дүнг харуулах юм. Иймд Тээвэр хөгжлийн банк нь цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих, тарьсан модоо арчилж тордох ажлыг зохион байгуулж, нийт ажилтнууд, хамт олон болоод банк, санхүүгийн салбарынхныг уриалах ажилд идэвхтэй оролцохоор төлөвлөж байна.