Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкууд нэгдлээ

 

МОНГОЛ УЛСЫН БАНКНЫ СИСТЕМИЙН УУГАН БАНКУУД БОЛОХ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН КРЕДИТ БАНКУУД НЭГДЛЭЭ

Банкны тухай хууль болон Компанийн тухай хуульд нийцүүлэн Монголбанкнаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу арилжааны ууган банкууд болох Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкууд нэгдэж буйг Харилцагч танд албан ёсоор мэдэгдэж байна.

Тээвэр хөгжлийн банк, Кредит банкууд нь 1997 оноос өнөөдрийг хүртэл 24 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, харилцагчдадаа банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай, чанартайгаар хүргэсээр ирсэн бөгөөд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган, хэвийн ажиллаж ирсэн билээ.

Тус банкуудын нэгдэл нь Банкны тухай хуульд заасны дагуу банкны хэлбэрийг өөрчлөн хаалттай хувьцаат компани болох төлөвлөгөөний хүрээнд хоёр банкны санаачлагаар банкны үйл ажиллагааг өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байгаа бөгөөд ингэснээр банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурах, харилцагчдад хүрэх үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжрах зэрэг давуу талтай юм.

Мөн хоёр банк нэгдсэнээр Тээвэр хөгжлийн банк нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бөгөөд тус нэгдлээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгө 146.5 тэрбум төгрөгт хүрч, банкны системд хувь нийлүүлсэн хөрөнгөөрөө тэргүүлж байгаа ба банкны нийт актив, өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад санхүүгийн тоон үзүүлэлтүүд нэмэгдэж, банкны эрсдэл даах чадвар улам хүчирхэгжиж байна.

Нэгдлийн үр дүнд банкны үйлчилгээ харилцагчдад илүү ойртож, бид нийт салбар нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үргэлжлүүлэн хүргэх ба харилцагчдынхаа сэтгэл ханамжийг улам бүр нэмэгдүүлэн, улс, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.

Банкуудын тайлан, төлбөр тооцоо нэгдэх ажил 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тус өдрийг хүртэл харилцагчид өөрсдийн банкны салбаруудаар үйлчлүүлж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Кредит банкны харилцагчид Тээвэр хөгжлийн банкны салбаруудаар банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн өрсөлдөхүйц нөхцөлөөр хүлээн авна уу.

Түүнчлэн Кредит банкны харилцагчдын харилцах, хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний данс өөрчлөгдөхгүй, гэрээний нөхцөл, эрх, үүрэг нь биелэгдэж дуусах хүртэл хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэх болно. Харилцагч Та цаашид банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой тодруулах зүйл байвал доорх сувгуудаар холбогдоно уу.

Холбоо барих:

  • 7716-9999, 1800-1808
  • callcenter@transbank.mn, info@creditbank.mn

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК

Хөгжлийг хурдасгах Таны санхүүгийн түнш