MOODY’S ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ АГЕНТЛАГ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ДАХИН ТОГТООЖ “B3” ҮНЭЛГЭЭГ ӨГЛӨӨ

 

Moody’s олон улсын үнэлгээний агентлагаас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан тайландаа Тээвэр хөгжлийн банкны Зээлжих cуурь зэрэглэлийн үнэлгээг (Baseline Credit Assessment-BCA) Монгол Улсын засгийн газрын үнэлгээтэй ижил түвшинд буюу “B3” үнэлгээтэйгээр тогтоосон бөгөөд үүнд банк нь бусад арилжааны банктай харьцуулахад өндөр хэмжээний өөрийн хөрөнгийн хүрэлцээгээр учирч болох эрсдэлэээ бууруулж чадсан нь голлон нөлөөлжээ.

Тээвэр хөгжлийн банк нь 2018, 2019 онуудад мөн Moody’s үнэлгээний агентлагаар үнэлгээ хийлгэж Монгол Улсын засгийн газрын үнэлгээтэй ижил түвшинд үнэлэгдэж байсан бөгөөд олон улсын үнэлгээний байгууллагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ тогтоолгосноор банкинд олон улсын санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцох, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, эх үүсвэр татан төвлөрүүлэх өртгөө бууруулж улмаар дотоодын зах зээлд нийлүүлэх зээлийн хүүгээ бууруулах боломжийг бүрдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм.

Тээвэр хөгжлийн банк нь 2020 онд эрсдэл даах чадвараа улам сайжруулах, ирээдүйн өсөлт хөгжлөө бататгах, харилцагчдадаа санхүүгийн хувьд найдвартай, харилцан ашигтай хамтын ажиллагааг хүргэх, нэг харилцагчид хүргэх санхүүгийн хүртээмжээ нэмэгдүүлэх зорилтын хүрээнд банкны дүрмийн санг 22 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 100 тэрбум төгрөгт хүргэж улмаар Монголбанкнаас арилжааны банкуудад тавьж буй 2021 оны эцэст дүрмийн сангаа 100 тэрбум төгрөгт хүргэх шаардлагыг 14 сарын өмнө урьдчилан хангаад байна.