ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЖ 100 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРГЭЛЭЭ

 

Дэлхий нийтээрээ Ковид-19 цар тахлаас үүдэн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарсан нөхцөл байдалд байгаа хэдий ч Тээвэр хөгжлийн банк нь эрсдэл даах чадвараа улам сайжруулах, нэг харилцагчид хүргэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх зорилтын хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 22 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 100 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүргэлээ. Энэ нь 2021 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөгт хүргэхийг үүрэг болгосон Монголбанкны шаардлагыг зорилтот хугацаанаас нь 14 сарын өмнө биелүүлж байгаа хэрэг юм.

2020 оны эхний хагасын байдлаар Тээвэр хөгжлийн банк нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээрээ банкны системдээ 2 дугаар байранд, нийт өөрийн хөрөнгийн хэмжээгээр банкны системдээ 6 дугаар байрт жагсаж байна.

Бид 2018, 2019, 2020 онуудад Олон Улсын Moody’s үнэлгээний байгууллагаар үнэлгээгээ хийлгэж дотоод валютаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнэлгээг B3, зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3, тохируулга хийгдсэн зээлжих зэрэглэлийн үнэлгээг b3, банкны хэтийн төлөвийг “Тогтвортой” гэж тодорхойлуулсан.

Дашрамд дурдахад Олон Улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “AsiaMoney” байгууллагаас Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд оруулсан Тээвэр хөгжлийн банкны хувь нэмэр, цаашлаад бид бүхний нийгмийн хариуцлага, компанийн засаглал, үйл ажиллагааны болон санхүүгийн тогтвортой үзүүлэлт зэргийг үнэлж, “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч” Монгол Улсын шилдэг банкаар өргөмжилсөн юм.

Тээвэр хөгжлийн банк нь өөрийн үйл ажиллагааны цар хүрээгээ улам тэлж, Монгол Улсын банк санхүүгийн системд өөрсдийн орон зайгаа батжуулахыг эрхэмлэнэ.

Эрхэм харилцагч, хадгаламж эзэмшигч, хамтран ажиллагч бүхий л байгууллага хамт олон, банкны хувьцаа эзэмшигчиддээ талархлаа илэрхийлж, банкны төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагын баг, нийт ажилтнууддаа ажлын амжилт хүсье.

Тээвэр хөгжлийн банк – Хөгжлийг хурдасгагч таны санхүүгийн түнш