“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

 

 

Эдийн засаг, зах зээлд үзүүлж буй Коронавируст цар тахлын сөрөг нөлөөг бууруулан, бизнес эрхлэгчид болон иргэдийн санхүүгийн байдлыг дэмжих, эдийн засгийг сэргээн, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн идэвхжилийг сэргээх зорилтын хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газраас боловсруулан 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.

Бизнесүүдийг дэмжих, эдийн засгийг сэргээх тус төлөвлөгөөнд Тээвэр хөгжлийн банк нэгдэж, эдийн засгийн гол хөдөлгүүр болох жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын бизнесийг сэргээх, ажлын байрыг дэмжих, хадгалах зорилготойгоор хөнгөлөлттэй нөхцөл бүхий 2 их наяд төгрөгтэй тэнцэх санхүүжилтийн хөтөлбөрийн тодорхой хэсгийг салбар нэгжээрээ дамжуулан хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Тус хөтөлбөрийн санхүүжилт нь дараах чиглэлүүдээр олгогдоно. Үүнд:

1. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан жилийн 3%-ийн хүүтэй, 3 жил хүртэлх хугацаатай 500 сая төгрөг хүртэлх дүнтэй эргэлтийн хөрөнгийн зээл;

2. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан жилийн 10.5%-ийн хүүтэй, 24 сараас дээш хугацаатай, 500 сая төгрөг хүртэлх дүнтэй репо санхүүжилттэй зээл;

3. Уул уурхайн бус экспортын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд зориулсан жилийн 10.5%-ийн хүүтэй, 24 сараас дээш хугацаатай, 3.0 тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй репо санхүүжилттэй зээл;

“Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч Монгол улсын шилдэг банк” гэх эрхэм хүндтэй нэр хүндээ улам баталгаажуулан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г бизнес эрхлэгч харилцагчдадаа тавигдсан шаардлагын хүрээнд түргэн шуурхай, шударга, оновчтой, хүртээмжтэй хэрэгжүүлэх зарчмыг баримтлан ажиллах болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллэл болон зээлийн хүсэлтийн талаарх мэдээллийг “Харилцагчийн мэдээллийн төв”-ийн 7716-9999 дугаараар болон салбар нэгжээр дамжуулан авна уу.