Дэлхийн мөнгөний долоо хоног-2021 аян: Минимализм ба санхүүгийн сахилга бат

 

“МИНИМАЛИСТ” номын зохиогч Б. Хулантай хамтран хүүхэд, залуус, эцэг эхчүүдийн санхүүгийн боловсролд зориулсан зөвлөгөөг хүргэж байна.

Минимализм ба санхүүгийн сахилга бат

Эд юмсад хэт их ач холбогдол өгснөөр эрүүл мэнд, харилцаа холбоо, өөртөө, гэр бүлдээ, ойр дотныхондоо тавих анхаарал суларснаа бид мэддэггүй. Өнөөх л мөнгө, санхүүгийн асуудал, солих холих, сайжруулах ахуйн хэрэгцээний асуудал хэзээ ч дуусахгүй.

Амьдрал үргэлжилж л байгаа хойно хэрэгцээ хэзээ ч дуусахгүй. Харин бид яг хэрэгтэй хэрэгцээнийхээ төлөө зав чөлөөгүй ажилласаар, зүтгэсээр байна уу?, эсвэл хэрэгцээ хүсэл хоёроо ялгахгүй байна уу? гэдэг чухал.

Минимализм эдгээрт илүү нухацтай хандахыг зөвлөдөг. Энэ нь мөнгө, санхүүтэй салшгүй холбоотой амьдралын хэв маяг. Бид эд зүйлсийн төлөө өөрсдийгөө золиосолж, олсон орлогоо зөвхөн худалдан авалт, өрсөлдөөн дунд, нэгнээсээ дутахгүй байх гэсэн хязгаарлагдмал сэтгэхүйд баригдан амьдарсаар байгаадаа лимит тогтоож өгөх нь минимализмын гол үзлүүдийн нэг. Амар жимэр, аз жаргалтай амьдаръя гэвэл шунал хүслээ хязгаарлан барьж, санхүүгийн сахилга баттай байх, бусадтай өөрийгөө харьцуулахгүй байх гэх мэт олон сэдвүүд минимализмд хөндөгдөнө.

Бид санхүүгийн боловсролыг зааж өгдөггүй нийгэмд амьдарч ирсэн. Харин одоо бол өөр эрин үе. Бидний үр хүүхдүүд, залууст мөнгө санхүүтэй хэрхэн харьцах, хэрхэн зөв амьдрах, эд зүйлсээс илүү үнэ цэнэтэй зүйлсэд анхаарал хандуулах олон арга замууд нээгдсээр байгаа. Залуус илүү сайн амьдрах арга, байгальд ээлтэй, дурсамжтай, аз жаргалтай амьдралыг эрэлхийлж байна. Материаллаг зүйлсээс татгалзаж, хүссэн бүхнээ авахын оронд хэрэгцээн дээрээ тулгуурлаж зөв шийдвэр гаргадаг шинэ үеийн залуусын сонирхож байгаа сэдэв, амьдралын чиглэл бол минимализм.

Минималист байснаар мөнгөө эд зүйл худалдаж авахаас илүү сайн, сайхан зүйлд ашиглаж болно. Илүү их туршлага хуримтлуулах, сурч боловсрох, гэр бүлтэйгээ илүү их цаг хугацаа өнгөрүүлэх... Хамгийн гол утга нь чухал зүйлдээ илүү анхаарах... Хэмнэлттэй амьдарч сурах...

Санхүүгийн ашиг орлого нь сахилга баттай байж, чин сэтгэлээсээ хичээж, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд бий болдог. Ухаалгаар мөнгөө зохицуулах уу?, хэт их хэрэглээндээ дийлдэх үү? Гайхалтай сайхан бүхнийг авлаа гээд мөнгөө зөв зарцуулж байна гэсэн үг биш. Харин ч эд зүйлс нэмэгдэх тусмаа бидний амьдралд ачаа дарамт нэмж байдаг. Шинээр авсан эд зүйлс бүр биднээс анхаарал халамж шаардаж, оюун санаанд маань ч тодорхой орон зай эзэлнэ. Тэгээд эдгээр нь санаа зовоох зүйлсийг улам нэмсээр энэ богинохон амьдралдаа бид илүү ачаатай болсоор байх нь утгагүй юм. Зардлуудаа хянаж, шаардлагагүй зүйлд маш их мөнгө зарцуулж байгаадаа анхаарахад минимализм тусална. Хэрэглээ багатай байх тусмаа стресс багатай.

Баян болох хоёр арга бий. Нэг нь ихийг олох, нөгөө нь бага зүйл хүсэх. Минималист амьдралын хэв маягаар бага хэрэглээтэй амьдрахад илүү аз жаргалтай байдаг шүү, залуус аа. Хэрэггүй зүйлд зарах мөнгөө хадгал, үржүүл, хөрөнгө оруулалт хий. Цаг хугацаа мөнгө, эрч хүчээ золиослон байж бидэнд огт хэрэгцээгүй зүйлсийн араас хөөцөлдөж цуглуулахаас татгалзаж хэвш. Зардлаа танаж, цаг хугацаагаа хянаж, илүү их цаг хугацаа, мөнгө оюун санааны эрх чөлөөг эдэл. Танасан зардлаа зөрүүлээд өөр зүйлд зарцуулаагүй л бол зардлаа бууруулах нь мөнгийг хэмнэж, санхүүгийн байдал эрс дээшилнэ.

Минимализмд дуртай байдгийн том шалтгаан бол мөнгө хэмнэж өгөх. Зарим арга замууд нь мөнгийг илэрхий хэмнэж өгдөг. Энгийн жишээ гэхэд л хэзээ ч эцэс төгсгөл гэж үгүй худалдан авалтад мөнгөө урсгахаа болино. Хамгийн сүүлийн үеийн, хамгийн тренд болж байгаа юуг ч худалдаж авахад мөнгө зарж тансаглахгүй. Сэтгэлийн хөдлөлөөр худалдан авалт хийж, бусдаас дутахгүй харагдахын тулд авч, хурааж, цуглуулдаг хуучинсаг үе өнгөрсөн.

Хуримтлуулж, өөрийгөө хянаж чадсан тэрхүү мөнгөөрөө ирээдүйгээ бүтээх илүү жаргалтай, илүү амар тайван амьдрахад зориулаарай.

Нийтлэлийг бичсэн: “Минималист” номын зохиогч Б. Хулан /Зохиолчийн зөвшөөрөлтэй./