Дэлхийн мөнгөний долоо хоног-2021 аян: Хүүхдэдээ бага наснаас нь санхүүгийн боловсролыг олгох

Эцэг, эхчүүдэд зориулан хүүхдэдээ хэрхэн санхүүгийн боловсрол олгох боломжтой талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдэдээ бага наснаас нь санхүүгийн боловсролыг олгох хэрэгтэй.

  • Бага насанд нь энгийн зүйлсээс эхлэх

Аль болох бага нас буюу 7 наснаас өмнө санхүүгийн боловсрол олгох үйл явцыг эхлүүлэх нь илүү сайн байдаг. Судалгаанаас үзэхэд энэ насанд мөнгөний зуршил, хандлага аль хэдийнээ хүүхдэд төлөвшсөн байдаг. Үүний тулд мөнгө, зоос гэх мэтийг үзүүлж, мөнгийг юунд, хэрхэн ашигладаг, бодит байдал дээр мөнгөөр худалдан авалт хийж байгаагаа болон баримтаа үзүүлж тайлбарлах зэрэг энгийн зүйлсээс эхлэх хэрэгтэй.

  • Хуримтлуулах зуршлыг бий болгох

Үүний дараа мөнгө нь үрэх, зарцуулахаас гадна мөнгийг хадгалах, хуримтлуулах нь чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүддээ мөнгөө хадгалах гахай эсвэл шилэн сав санал болгож задгай мөнгө, зоос цуглуулахыг сурган, урамшуулдаг байх хэрэгтэй. Магадгүй эхний удаад богино хугацааны зорилгыг нь асууж, түүнийхээ төлөө цуглуулах мөнгөн дүнг нь хамтдаа шийдэж, хуримтлуулахыг нь дэмжээрэй.

  • Мөнгө олох боломж олгох

Хүүхдүүд өөрсдийн гэсэн мөнгөтэй байж, хэрхэн зарцуулах шийдвэрээ гаргаж сурах хэрэгтэй. Тиймээс тэдэнд мөнгө олох боломж олгох эсвэл мөнгө олох боломжийг бүрдүүлж өгөөрэй. Хүүхдүүд мөнгө олж эхэлснээр, үнэ цэнийг нь мэдэрч эхлэх болно.

  • Мөнгөө зөв зарцуулах шийдвэр гаргаж сурахад нь туслах

Тодорхой хугацаанд хэрэглэх халаасны мөнгө, урамшуулал гэх зэрэг мөнгийг нь өгч, зарцуулах эрхийг нь хүүхдэдээ даатгах нь тэднийг төсөвлөж сурахад тусална. Цаашлаад төсвийн дэвтэр, гар утасны аппликэйшн ашиглаж орлого, зарлагаа хянахад нь туслаарай. Өсөж том болоод тэд бодит амьдрал дээр өөрийнхөө олсон орлогыг хэрхэн зөв хуваарилах талаар суралцаж эхэлнэ. Мөн зарцуулах, хуримтлуулах, өгөх буюу сайн үйлсэд хандивлах гэсэн 3 төрлөөр мөнгөө хуваарилах сав өгөөд, өөрсдөөр нь хэрхэн хуваарилахыг шийдүүлээрэй.

  • Өгөх буюу сайн үйлсэд хандивлах үнэ цэнийг үлгэрлэн үзүүлэх

Дээрх алхмуудын хүрээнд та өөрөө хүүхдэдээ өөрийнхөө мөнгийг хуваалцаж байгаагаараа бусдад өгөх үнэ цэнийг тодорхой хэмжээнд үлгэрлэсэн байгаа. Тиймээс хүүхэд тань мөн адил өөрийнхөө мөнгөнөөс багахан хэсгийг ямар нэгэн сайн үйлсэд өгөх, бусдад туслах зүйлийг хэрэгжүүлэх талаар зааж өгөөрэй. Хуримтлуулсны дараагаар өөрөөр нь ямар сайн үйлсэд тусалж мөнгөө өгөх хүсэлтэйг нь шийдүүлээрэй.

  • Мөнгөө хэрхэн өсгөх талаар зааж өгөх

Мөнгө хуримтлуулах нь маш гайхалтай зуршил. Гэхдээ хүүхэд томрох тусам ирээдүйдээ өөрийнхөө мөнгийг өсгөн, нэмэгдүүлэхийг хүсэж байвал та хөрөнгө оруулалтын талаар зааж өгөөрэй. Гэхдээ насны онцлогоос хамааран энэ талаар ойлгоход бэлэн эсвэл бэлэн биш байж болох учраас та тохиромжтой цагийг хүлээх хэрэгтэй.

  • Санхүүгийн хувьд зөв зан байдал үлгэрлэх

Та дээрх аргуудыг хэрэгжүүлж, зааж өгч байгаа бол хүүхдүүдийнхээ хажууд ч гэсэн өөрөө тийм байх хэрэгтэй. Тухайлбал: хэрэв та ямар нэг зүйлд ямар их мөнгө зарцуулчихваа гэж хүүхдийнхээ хажууд ярьвал тэд таныг хараад төөрөлдөж магадгүй. Хэрвээ та хүүхдээ мөнгөө ухаалаг зарцуулж, хуримтлуулж сургахыг хүсэж байгаа бол та өөрөө ч гэсэн тийм байх нь маш чухал юм.

Санхүүгийн боловсрол олгох нь тасралтгүй үйл явц байдаг учир, хүүхдийнхээ нас насанд нь тохирсон аргаар онцлогт нь тааруулж, бага багаар зааж сургах нь үр дүнтэй.

Эх сурвалж: www.forbes.com