Дэлхийн мөнгөний долоо хоног - 2021 аян

2013 оноос өдгөө дэлхийн 152 улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалаг зарцуулах, зөв удирдах, хуримтлал үүсгэх төдийгүй өөрсдийн санхүүгийн мэдлэгийг гэр бүл болон нийгэмд хуваалцах зорилготой Олон Улсын арга хэмжээ болох “Дэлхийн мөнгөний долоо хоног-2021” аян Монгол Улсад 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал зохион байгуулагдаж байна.

Энэхүү аяныг Монголбанк, Монголын Банкны Холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын төв, Хадгаламжийн даатгалын корпораци, Шпаркассэ банкны Монгол дахь сан болон арилжааны банкуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд аяныг “Суралц, Хуримтлуул, Өсгө” уриан дор хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох, улмаар санхүүгийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор хэрэгжүүлж байна.

2021 оны уриа үг:

  • Суралц /Мөнгийг ухаалаг зарцуулахад суралц/ - өөрсдийн нийгэм, эдийн засгийн эрх, үүргийн талаар мэдлэг боловсролтой болж ирээдүйд ухаалаг шийдвэр гаргах чадвартай, санхүүгийн мэдлэг, хариуцлагатай шинэ үеийн иргэн болох.
  • Хуримтлуул /Ирээдүйдээ зориулж хадгал/ - багаасаа мөнгөтэй харьцах чадвартай болгохын тулд ухаалгаар хадгалах дадал зуршлыг бий болгох нь ирээдүйн амьдралд чухал ач холбогдолтой.
  • Өсгө /Гэр бүлийнхээ болон өөрийнхөө төлөө / - амьдрахуйн болон арилжаа хийх чадвараа хөгжүүлснээр ирээдүйд өөрийн бизнесээ бий болгох, амжилттай удирдахад тустай.

“Суралц, Хуримтлуул, Өсгө”