Дэлхийн хуримтлалын өдөр аянд 2 дах жилдээ амжилттай оролцлоо

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд, иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий дэлхийн хуримтлалын өдөр аяныг Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон Улсын хамтын ажиллагааны сангийн санаачлагаар хэрэгжүүлэн Улаанбаатар хот дох арга хэмжээ амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ жилийн хувьд тус арга хэмжээ "Хэмнэе, хадгалъя" уриан дор хэрэгжиж байгаа бөгөөд ТрансБанкны хувьд аяны хүрээнд дараах ажлуудыг санаачлан хэрэгжүүллээ.

  1. Бүх нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, эерэг зөв, ойлголтыг өгөх "Хэмнэе, хадгалъя" санхүүгийн сэтгэл зүйн 6 цуврал контент олон нийтэд зориулан гаргалаа.
  2. Хүүхэд, залуучуудын хуримтлалын тухай ойлголт, хуримтлалын ач холбогдолын ойлгуулах зорилго бүхий "Хэмнэе, хадгалъя" контент бүтээлийн уралдааныг их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлан шилдэг контент бүтээлүүдийг шалгарууллаа.
  3. “Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг тохиолдуулан ТрансБанкны Шангри-Ла, Урт цагаан салбарыг аянд зориулан тохижуулж, харилцагчдад аяны талаар мөн үр ашигтай хуримтлал бий болгох мэдээлэл бүхий гарын авлагаар дамжуулан мэдээлэл хүргэлээ.
  4. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд зориулсан “Гэрэл бэлэглэе” болон “Боловсролтой иргэн” 2 сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэв. “Гэрэл бэлэглэе” төслөөр дамжуулан Чингэлтэй дүүргийн 30,000 орчим иргэд оршин суух 12, 13-р хороодын заагт байрлах “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, ирсэн зочид, хүүхэд багачууд, өндөр настай иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд ТрансБанк хувь нэмрээ оруулан мөнгөн хандив өргөв. “Боловсролтой иргэн” төслийн хүрээнд Англи, Монгол хэл дээрх ном, номын сангийн тохижилтыг нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 124-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай дунд сургууль, Баянзүрх дүүргийн 10-р хорооны оршин суугч 60 настай С. Хишигт гуайн өөрийн санаачилгаар бий болгосон “Бумбардай хүүхдийн номын сан”-д ном бэлэглэх, номын сангийн тохижилтыг хийж өгөв.
  5. "Үр дүнтэй хуримтлалыг бий болгох нь’’ сэдэвт лекцийг ХУИС, СЭЗИС, МУИС, АШУҮИС, Шинэ Монгол ахлах сургуулийн 2500 гаруй оюутнуудад Санхүүгийн сэтгэл зүйн лекц хийж, өрхийн төсөв, халаасны дэвтэр, үндэсний хуримтлалын билэг тэмдэгийг танилцуулав.
  6. Дэлхийн хуримтлалын өдөр өдөрлөгт 2 дах жилдээ оролцож ирсэн хүүхэд багачууд, зочдын санхүүгийн боловсролыг энтертайнмент хөтөлбөрөөр дамжуулан нэмэгдүүлэх тал дээр анхааран ажилласан. Энэ ажлын хүрээнд хуримтлалтай Том Хөлт хүүхдийн жүжиг, Хуримтлалын түрүүвч хийх воркшопд 50 хүүхдийг хамруулан хуримтлал хийх үндсэн ойлголтыг өгч ажиллалаа.