Дэлхийн хуримтлалын өдөр-2021 аян өдөрлөг

 

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг тохиолдуулан бага насны хүүхдүүдийг банкны оффис, салбар нэгжтэй танилцах өдөрлөгийг зохион байгууллаа. 

Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассе” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг 2021.10.01-нээс 2021.10.31-ний өдрүүдэд “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор өрнүүлж буй ажлын хүрээнд бага насны хүүхэд, багачуудыг Тээвэр хөгжлийн банкны төв оффис болон салбар, нэгж дээрээ хүлээн авч, банкаар аялуулан, банкны талаарх ойлголт өгөх, банкны үйлчилгээг танилцуулан, санхүүгийн боловсрол олгох зорилготой өдөрлөгийг 2021.10.22-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үеийн халдвар, хамгааллын дэглэмийг дор хариуцлагатай зохион байгуулж, банкныхаа төв оффис болон банкны салбарт биечлэн урьж, оролцуулсан юм. Бага насныханд Дэлхийн хуримтлалын өдрийг таниулах, Монгол Улсад хэрхэн тэмдэглэдэг болоод Банк гэж юу вэ?, Банкны ажилтнууд юу хийдэг вэ?, Банкны үйл ажиллагааны гол зорилго, мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгийг хэрхэн ашигладаг, мөнгийг олон улсад яаж ашигладаг, Монгол Улсаас гадаад улсуудад мөнгийг хэрхэн шилжүүлдэг зэрэг банкны тухай ойлголтыг энгийн бөгөөд хөгжилтэй байдлаар тайлбарлан, ойлгуулахын зэрэгцээгээр “Halloween”-ийн баярыг тохиолдуулан “Halloween”-ийн уур амьсгал дунд хүүхдүүд дүрд хувирч банкны оффис, салбар нэгжээр өртөөчилсөн байдлаар аялангаа банкны тухай танилцуулга, хөгжөөнт тоглоом, үлгэрийн баатрууд, гар зураг зурах, банкны ажилтнууд болон удирдлагуудтай уулзаж ажлын байр болон хийдэг ажлынх нь талаар асууж, олон сонирхолтой зүйлүүдийг хийж өнгөрүүллээ. Үүгээр дамжуулан, хүүхдүүдтэй харилцан ярилцаж, сонирхсон асуултуудад нь хариулж явах бүрт чихэр цуглуулах хөгжөөнт арга барилаар мөнгийг хуримтлуулах, цуглуулахын ач холбогдлыг ойлгуулж, хуримтлуулах зуршлыг суулгах, цуглуулбал улам арвижиж, цуглуулснаа ариг гамтай зарцуулан, хэрэглэхийг хамгийн энгийн байдлаар зааснаараа онцлогтой.

Үүний зэрэгцээгээр Тээвэр хөгжлийн банкинд зочилсон хүүхдүүддээ "Алтан зоос" хүүхдийн хадгаламжийн эрх, хүүхдийн таних мэдэхүйд зориулсан сонирхолтой ном, өөрийнхөө олсон эсвэл бэлгээр хүлээж авсан мөнгөө, худалдан авч, зарцуулж буй зүйлсээ бүртгэх тэмдэглэлийн дэвтэр, Монголбанкнаас Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гаргасан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг тус тус бэлэглэлээ. 

Тээвэр хөгжлийн банк нь жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд хүүхдүүдэд бага наснаас нь санхүүгийн боловсролыг олгож, төлөвшүүлэх, аяны талаар таниулах, ирээдүйн харилцагчаа бэлтгэх үүднээс бага нас, өсвөр насных онцгойлон анхаарч ажилласаар ирсэн билээ.

Бүгдээрээ хуримтлуулъя.