Тээвэр хөгжлийн банк JCI Улаанбаатар ТББ-ын Иргэн бүр аврагч төслийн 2019 оны хамтын ажиллагааныхаа хаалтыг хийлээ

 

Тээвэр хөгжлийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд JCI Ulaanbaatar ТББ –аас нийслэлийн алслагдсан бүс болох Налайх дүүрэг, Согинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлж буй бага насны хүүхдийг болзошгүй гэнэтийн аваар, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий “First Aid’’ Иргэн бүр аврагч төсөлд нэгдэн, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагаагаа энэ оны 05 дугаар сард амжилттай эхлүүлсэн.

Тээвэр хөгжлийн банк Налайх дүүрэг дэх төсөлд ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж 2000 гаруй хүүхдийг болзошгүй гэнэтийн аваар, ослоос хамгаалах 8 цэцэрлэг, 1 сургуулийн 360 гаруй багш, ажилтнуудыг сургалтанд хамруулж, анхан шатны яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох боломж нөхцөлөөр ханган, эдгээр сургууль цэцэрлэгүүдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгсэл бүхий анхны түргэн тусламжийн хайрцагууд, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм.

Төслийн хүрээнд 2019 оны төслийн хамтын ажиллагааны хаалт болгож анхан шатны тусламж үзүүлэх сургалтын үйл ажиллагааг банкныхаа нийт ажилтан, хамт олны дунд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж энэ онд JCI Ulaanbaatar ТББ –тай хамтарсан “First Aid’’ төслөө амжиллтай дуусгалаа.

Сургалтын хүрээнд минут, секундээр хэмжигддэг хүний амь насанд учирч болох хамгийн түгээмэл бөгөөд хамгийн чухал аюул, эрсдэл буюу зүрхний үйл ажиллагаа зогсох, амьсгалын замын бөглөрөл үүсэх үед яаралтай тусламж үзүүлэх анхан шатны зөвлөгөө, зааврыг өгч, гарч болзошгүй эрсдэлд хэрхэн зөв шийдвэр гарган, зөв тусламж үзүүлэх болон анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай байх нь эрдэнэт хүний амь насыг аварч, амьдрал бэлэглэхээс гадна өөрийнхөө амь насыг ч аврах, эрсдлээс урьдчилан сэргийлэх өндөх ач холбогдол бүхий, үр өгөөжтэй сургалт боллоо.

Тээвэр хөгжлийн банк болон JCI Ulaanbaatar ТББ-ын амжилттай хамтын ажиллагаанд үндэслэн цаашид олон нийтэд чиглэсэн чухал бөгөөд бодитой үр дүн бүхий олон төсөл, үйл ажиллагаанд хамтран ажиллахаар төлөвлөж байна.