Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Монголын Банкны Холбоо’’-ны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын Банкны Холбооны эрх барих дээд байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын сонгуулийг зохион байгууллаа. Холбооны дүрэмд зааснаар Ерөнхийлөгч нь Үндсэн гишүүд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн төлөөлөл байх ба Чуулганаар 2 жилийн хугацаатай сонгогддог. 

2018 онд Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан ба түүний бүрэн эрхийн хугацаа дуусч Холбооны Ерөнхийлөгчөөр гишүүдийн санал хураалтаар Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ сонгогдсон бол Холбооны Дэд ерөнхийлөгчөөр Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч тус тус чуулганы төлөөлөгчдийн олонхын саналыг авч сонгогдлоо.  Холбооны Ерөнхийлөгчийг эзгүйд түүнийг орлох, тодорхой чиглэлийг манлайлан ажиллах Дэд ерөнхийлөгч нарыг тус чуулганаар мөн адил 2 жилийн хугацаагаар сонгодог байна.

Холбооны Дэд ерөнхийлөгчөөр олонхын саналыг авч сонгогдсон Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа ба Дэлхийн банк ба Нордикийн Хөгжлийн Сангийн санхүүжилттэй Тээвэр Хөгжүүлэх Төслийн дэд хэсэг болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах Зөвлөх үйлчилгээний төслийн Монголын талыг хариуцсан менежер, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Хөдөө орон нутгийн нийтийн аж ахуйг сайжруулах төслийн удирдагч, Монгол шуудан, Голомт зэрэг банкнуудад дэд захирал, газар, хэлтсийн захирлаар ажиллаж байсан туршлагатай банкир юм.

Чуулганаар сонгогдсон холбооны удирдлагын баг зээлийн хүү бууруулах арга хэмжээг цааш үргэлжлүүлж, цогц арга хэмжээ аван үр дүнтэй ажиллахаа илэрхийлсэн ба банкны үйл ажиллагааны зардлын хэмжээг бууруулахад анхааран ажиллаж, Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан манлайлан ажиллахаа мэдэгдсэн юм.