ТрансБанкны Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр: Дотоодын банкууд одоо ч, ирээдүйд ч эдийн засгийн тулгуур багана нь байх болно.

ТрансБанкны Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулан Mongolian Economy сэтгүүлийн тусгай дугаарт өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

1. Монголын банк санхүүгийн салбарын хөгжил ямар түвшинд байна вэ. Энэхүү хөгжлийн түвшингөөр харвал ТрансБанк салбартаа ямар үүрэг, оролцоотой явж байна гэж та хэлэх вэ?

Сүүлийн 28 жилд Монгол Улсын санхүүгийн салбарыг үндсэндээ банкны систем тодорхойлсоор ирсэн. Одоогоос 4-5 жилийн өмнө нийт арилжааны банкны санхүүгийн салбарт эзлэх хувь хэмжээ 95 хувь байсан бол 2018 оны эцсийн байдлаар 88 хувьд хүрч буурсан. Энэ бол сайны дохио. Нэг ёсондоо банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжиснээр салбар дахь өрсөлдөөн нэмэгдэж, санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй, олон тооны сонголттой болж ирж байна.   

Цаашид бид улс орноо урт хугацаанд тогтвортойгоор хөгжүүлье гэвэл банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь эрсдэлгүй, найдвартай, ашигтай ажиллахад анхаарах шаардлагатай. Мөн төр засгийн зүгээс бодлогоор энэ салбараа дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй. Ингэснээр банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулах, урт хугацааны санхүүжилт олгох сонирхолтой гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэл бий болно. 

Манай банк хэдийгээр үүсгэн байгуулагдаад 22 жил болсон ч 2016 оны эцэст шинэ хувьцаа эзэмшигчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагатайгаар үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн. Бидний баримтлан ажиллаж буй зарчим бол банк урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд хувь нийлүүлсэн хөрөнгө сайтай байх ёстой гэсэн бодлого. Тэр утгаараа манай банкны өөрийн хөрөнгийн хэмжээ өнөөдрийн байдлаар 81 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь банкны системдээ долоодугаарт орох үзүүлэлт. Энэ ондоо багтаад уг хэмжээг 100-150 тэрбум төгрөгт хүргэхээр зорьж байна. 

Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Олон улсын үнэлгээ, аудит хийдэг PwC, KPMG болон Moody’s байгууллагуудаар тайлан, балансаа баталгаажуулж, хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт хийлгүүлсэн. Улмаар манай банкны актив хөрөнгө сүүлийн хоёр жилийн хугацаанд 50 дахин өсөж, 2018 онд жилийн 15.67 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр нийт 534.4 тэрбум төгрөгийн зээлийг харилцагчдад олгон, 2018 ондоо 319.3 тэрбум төгрөгний зээлийн төлбөрийг хугацаанд нь болон хугацаанаас нь өмнө төлүүлж ажилласан. Ийнхүү өнгөрсөн онд татварын өмнөх байдлаар 5.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнээс хоёр орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр төлж, тэр хэрээр хувь нэмэр орууллаа.

2. Монголбанкны бодлого болон арилжааны банкуудын үйл ажиллагааны уялдаа холбоог та хэрхэн дүгнэх вэ?

2018 онд Монголбанкны зүгээс бодлогын шинжтэй маш олон ажил хийсэн. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гол хуулиуд болон эрх зүйн бичиг баримтуудад өөрчлөлт оруулсан. Ингэснээр банкны удирдлагад тавих шаардлага өндөрсөж, банкуудад хийдэг хяналт шалгалтын үйл ажиллагаа гүйцэтгэлд суурилсан зарчмаас эрсдэлд суурилсан зарчимд шилжсэн. Үүний үр дүнд банкуудад тавих хяналт шалгалтын тогтолцоо улам боловсронгуй болж, тэр хэрээр ирээдүйд учирч болох эрсдэл буурч байгаа юм. Мөн ОУВС-тай хамтран Активын чанарын үнэлгээг бүх банкуудад хийж, банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Мөн инфлаци болон валютын ханшийг тогтвортой түвшинд барих, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хэрэглээг дэмжсэн зээлийг хумих бодлогыг хэрэгжүүлсэн. Төв банкны эдгээр бодлого, шийдвэрийг бүх банк дэмжиж, хамтран ажилласан. 

Цаашид бид хамтран чанаргүй активыг бууруулах стратеги, зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Банкуудын төр засгаас хүсэж буй зүйл бол улс орны макро эдийн засгийн тогтортой байдлыг урт хугацаанд ханган ажиллах явдал. Тэр дундаа инфляцийг нам түвшинд барих, төлбөрийн тэнцлийн эерэг урсгалтай байх, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах зэрэг юм. Энэ бүхнийг ханган ажиллаж чадвал банк, санхүүгийн байгууллагын зуучлалын өртөг тодорхой хэмжээгээр буурах бөгөөд баялаг бүтээгчдэд таатай нөхцөлтэй санхүүжилтийг олгох замаар тэдэнд учрах эрсдэлийг бууруулж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ.

3. Аж үйлдвэрийн IV хувьсгал гэж салбар бүрт ярьж байгаа энэ үeд ТрансБанк ямар шинэчлэлүүдийг хийж байна вэ?

Энэхүү дижитал буюу цахим хувьсгалаас аль ч салбар ангид байж чадахгүй. Одоогоор хамгийн ихээр өөрчлөлт, шинэчлэлтэд өртөж байгаа салбарууд нь банк, санхүү, боловсрол, хэвлэл мэдээлэл, автомашин үйлдэрлэлийн салбар. Тиймээс бизнес эрхлэгчид уламжлалт бизнесийн загвараа эргэн харж, энэхүү шинэ хувьсгалд нийцүүлэн шинэчлэлт өөрчлөлтөө хийхээс өөр аргагүй. 

Манай банкны хувьд бид Монголын банк, санхүүгийн салбарын өрсөлдөөнт байдлыг судлан үзээд бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг корпорейт болон хувийн банкны чиглэлээр явуулахаар шийдвэрлэж, энэ хүрээнд үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд явж байна. Гол зорилт маань хүн хүчний хувьд аль болох чадварлаг цөөн тооны ажиллах хүчтэй байж, шийдвэр гаргалтын цаг хугацааг багасгаж, зах зээлд уян хатан, хурдтай ажиллах, түүнчлэн үйл ажиллагааны зардлыг байж болох хамгийн бага түвшинд барих явдал. Үүний тулд банкны харилцагчид бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг хугацаа, орон зайг үл харгалзан авч чадах инноваци, мэдээллийн технологийг нэвтрүүлэн бүхий л үйлчилгээгээ дижиталжуулах зорилтыг тавин ажиллаж байна.

4. Санхүүгийн салбарт хямрал айсуй гэх боллоо. Хэр үндэслэлтэй таамаг гэж харж байна вэ. Сэргийлэх ямар боломж байна? Банкны салбарын хэтийг хэрхэн зураглах вэ?

Саяхан танилцуулсан Дэлхийн банкны эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд дэлхийн эдийн засагт тулгарах эрсдэл нэмэгдэж, өсөлт саарах төлөвтэй гэж дурдсан байна. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт гурван хувь байсан бол энэ үзүүлэлт 2019 онд 2.7-2.9 хувь, 2020 онд 2.6-2.8 хувьд тус тус хүрэх төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийг тодорхойлж байдаг их гүрнүүдийн хооронд үүссэн худалдааны дайн. Тэгэхээр үүнээс үүдэн дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнэ ханш унавал бид бие даан зохицуулж чадахгүйд хүрнэ. Нөгөө талаас манай улс 2020-2024 онд 13 орчим тэрбум ам.долларын гадаад өр, хүүгийн төлбөр төлнө. Тиймээс одооноос эдгээр өр, төлбөрийг эдийн засагт эрсдэлгүйгээр хугацаанд нь төлж барагдуулах талаар өрийн менежментийг хийх шаардлагатай. Үүнээс гадна 2020 онд сонгууль болно. Хэрэв одоогийн эрх баригч улс төрийн хүчин 2020 оны сонгуульд зориулан төсвийн сахилга батыг зөрчиж, шаардлагагүй зардлыг нэмэгдүүлэх, хэрэгцээгүй, үр дүнгүй хөрөнгө оруулалтыг хийвэл макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд сөрөг гарч, улмаар эдийн засаг хямрах эрсдэлтэй.

Гэхдээ банк, санхүүгийн салбарын ойрын 10 жилийн өсөлт хөгжлийг бидний зүгээс маш эерэгээр харж байгаа. Өнгөрсөн 10 жилд банкны системийн актив хөрөнгийн хэмжээ жил бүр 8-10 хувийн тогтмол өсөлттэй байсан. Энэ эрчээрээ дахиад 10 жил явбал банкны системийн нийт актив хөрөнгийн хэмжээ 33 их наядаас 70-80 их наядын түвшинд хүрэх юм. Харин энэхүү өсөлтийн төсөөлөлд ямарваа нэгэн томоохон төсөл хөтөлбөр, түүний нөлөөллийг тооцоогүй. Тиймээс дотоодын банкууд одоо ч, ирээдүйд ч улс орныхоо мөнгөний эргэлтийг гардан гүйцэтгэж буй гэдэг утгаараа улсынхаа эдийн засгийн тулгуур багана нь болж ирсэн, болсоорч байх болно.  

 

Эх сурвалж: Mongolian Economy сэтгүүл