ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлст нэгдэж элэгний хавдартай Г.Янжинлхам охинд туслалаа

..

   ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлст нэгдэж, элэгний хорт хавдартай, бүтэн өнчин, 17 настай Г.Янжинлхам охинд хамт олноороо туслалаа. Энэхүү сайн үйлсийн аян нь “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны хүрээнд хийгдсэн ажлуудын нэгээхэн хэсэг байсан ба “Сайн сайханы төлөө хуримтлал” уриан дор хэрэгжсэн юм.

ТрансБанкны хамт олон Г.Янжинлхам охинд туслахаар Цэцээ гүн явган аялалыг зохион байгуулан, Цэцээ гүн орчим дох хуванцар сав, бусад ил задгай хаясан хогийг түүн цэвэрлэж, хуванцар хаягдлыг тушаан Г.Янжинлхам охинд туслах анхны хуримтлалаа эхлүүлсэн юм.

Г.Янжинлхам нь элгээ яаралтай солиулах шаардлагатай байгаа ба одоогоор эрчимт эмчилгээ хийлгэн, элэгний донор хайж байгаа юм. Мэс засал болон мэс заслийн дараах эмчилгээнд нийт 80 сая төгрөг шаардагдаж байгаа ба ТрансБанкны хамт олон үндэсний хуримтлалын лого бүхий хандивийн хайрцагийг банкан дотроо аялуулан 1 сая 360 мянган төгрөгийг цуглуулан хандивийн хадгаламжинд нь байршууллаа.

Г.Янжинлхам охин өөрийг нь өсгөсөн нагац эгч Л.Гэрэлмаагийн хамтаар ТрансБанкаар зочлох үеэр үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ц.Гантулга болон Маркетинг олон нийт хариуцсан хэлтсийнхэн хамт олныхоо халуун сэтгэлээр хуримтлуулсан мөнгөн хандивыг гардуулсан юм. Г.Янжинлхам охиндоо хурдан эдгэж, эрүүл саруул болоод, мөрөөдлийнхөө эм зүйчийн ажлаа хийгээд, Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарт хувь нэмэрээ оруулахыг хүсье.