2021 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан

 

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч түншүүд та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны 2021 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг танилцуулж байгааг хүлээн авна уу.

Тайлант хугацаанд Монгол Улсын банкны системийн ууган банкууд болох Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкууд нэгдсэн түүхэн үйл явдал тохиолоо. Тус банкуудын нэгдэл нь Банкны тухай хуульд заасны дагуу банкны хэлбэрийг өөрчлөн хаалттай хувьцаат компани болох төлөвлөгөөний хүрээнд хоёр банкны санаачлагаар банкны үйл ажиллагааг өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байгаа бөгөөд нэгдсэнээр банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурах, харилцагчдад хүрэх үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжрах зэрэг давуу талтай юм.

Өнгөрсөн 3 дугаар улиралд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан бөгөөд 2 банкны нэгдэл болон банкны өсөлтийн үр дүнд нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 171,6 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 35.3% байгаа нь банкны системийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг байна.

Түүнчлэн бид үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, үйлчилгээний чанараа баталгаажуулсан амжилт, үр бүтээлээр дүүрэн улирал өнгөрсөний заримаас та бүхэнд мэдээлж байна. Үүнд:

  • Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нийтлэлдээ Кредит банктай нэгдсэний дараах Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг дахин баталгаажуулж B3 (тогтвортой) хэмээн үнэлсэнээ мэдээллээ.
  • Тээвэр хөгжлийн банк нь гадаад шилжүүлэг хийдэг валютын төрлүүдийг нэмэгдүүлэн, гадаад харилцаагаа улам өргөжүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд Японы Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC) -той корреспондент банкны харилцаа тогтоож, Японы иений гүйлгээг хамгийн хямдаар гүйцэтгэж эхэлснээс гадна Зүүн Өмнөд Азийн хамгийн том арилжааны банкнуудын нэг болох OVERSEA-CHINESE BANKING CORPORATION (OCBC) банкинд ам.доллар, хонконг доллар, сингапур долларын данс нээлээ. Дэлхийн топ банкуудтай корреспондент харилцаатай болсноор харилцагчдын гадаад шилжүүлгийг системийн топ банкнуудтай эн тэнцүү хэмжээнд гүйцэтгэх бүрэн боломжтой болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
  • 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкны үйл ажиллагааг хувьцаат компани хэлбэртэйгээр явуулахаар хуульчлан баталсантай холбоотойгоор Тээвэр хөгжлийн банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хуульд заасан хугацаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн билээ. Монголбанкнаас Тээвэр хөгжлийн банкны төлөвлөгөөг хэрэгжих боломжтой, тайлбар, судалгаа үндэслэлтэй хэмээн дүгнэсэн тул энэ дагуу тус банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ.