2021 оны 2-р улирлын Санхүүгийн тайлан

 

Тээвэр хөгжлийн банкны 2021 оны 2-р улирлын Санхүүгийн тайлан Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч түншүүд та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны 2021 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланг танилцуулж байгааг хүлээн авна уу.

2021 оны 2 дугаар улирлын эцсийн байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив 414.6 тэрбум төгрөгт хүрч оны эхнээс 15%-иар өссөн ба цэвэр ашиг 6.8 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан бөгөөд нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 115.8 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 35.9% байгаа нь банкны системийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг байна. Түүнчлэн нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт 4.6% байгаа нь банкны салбарын зээлийн эрсдэлийн түвшингээс даруй хоёр дахин бага үзүүлэлт юм.

Бид олон улсын банкны болон хувийн банкны цогц үйлчилгээг нэвтрүүлж, банкны харилцагчийн үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэл хийж буйг дуулгахад таатай байна. Ингэснээр харилцагч бүрийн онцлог, хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд анхлан таниулж, мэргэжлийн түвшний, зөвхөн танд зориулсан үйлчилгээг үзүүлж байна.

Бид цаашид арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнд шинэ жишиг тогтоож, харилцагчдаа илүү орчин үеийн шийдэл бүхий санхүүгийн болон санхүүгийн бус (консьерж) цогц үйлчилгээг хүргэн, Хөгжлийг хурдасгах Таны санхүүгийн түнш байх болно.